Сайн байна уу? Эрхэм зочин та
- 25 January 2013
- Super User
- Hits: 1301
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль хэрэгжиж эхлээд гурван сар гаруй болж байна. Энэ хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад хэр олон иргэд энэ асуудлаар хандаж байгаа, хуулийг хэрэгжүүлэх явцад хэр зэрэг бэрхшээл гарч байгаа, иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх зорилгоор ямар арга хэмжээ авч байгаа талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Ё.Пүрэвцэрэнгээс тодрууллаа.
- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш иргэд хэр зэрэг хандаж байна. Хуулийг иргэдэд сурталчлах талаар ямар ажил зохиож байна вэ?
-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хууль хэрэгжээд гурван сар гаруй боллоо. Хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүднээс орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд иргэн бүрт хүрч ажиллах зорилгоор сургалт зохион байгуулж байна. Энэ сургалтын дүнд иргэд хуулийн нөхцөл болзол, бүрдүүлэх материалынхаа талаар тодорхой мэдлэгтэй болж байгаа учир ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулахаар хандах нь нэмэгдэж байна.
- Энэ хуулийг хэрэгжүүлэх явцад янз бүрийн бэрхшээл тулгарч байна уу?
-Энэ хуульд хамрагдахад нь иргэдийн өөрсдийн зүгээс хамаарсан бэрхшээлтэй асуудлууд гарч байна. Жишээ нь иргэд хөдөлмөрийн дэвтрээ цаг тухайд нь үнэн зөв бөглүүлээгүй, тушаалаа гаргуулаагүй, тухайн байгууллагынх нь архив үрэгдсэн байх гэх мэтээр хэдэн оноос хэдэн сар хүртэл тасалдсан гэдгийг нь тогтооход нийгмийн даатгалын байгууллагын ажилтанд бэрхшээл гарч байгаа. Гэхдээ энэ асуудлыг шийдэх бололцоотой бүх арга хэмжээг авч байна. Ийм тохиолдолд архивын зохих баримтыг үндэслэх, эсвэл өөрт нь байгаа үүнийг нь нотолж болох баримтуудыг үзээд нийгмийн даатгалын байгууллага эрхийнхээ хүрээнд шийдэж байгаа. Ийм байдлаар хүмүүсийг аль болох чирэгдүүлэхгүй байхад гол анхаарлаа хандуулж байгаа.